Forbes Mongolia "Олон Улсын Стандартыг Хангасан Монгол Эмнэлэг"

 

 
 

Хорвоо дээр хамгийн үнэтэй зүйл бол хүний амь. Хүн гэдэг ухаантай, хүчтэй амьтан боловч хэлж ирдэггүй өвчин, хийсэж ирдэг зовлонгийн өмнө хүчин мөхөстөх нь бий. Энэ удаагийн дугаартаа бид аюул осол, гэнэтийн өвчин тохиолдсон үед хүмүүст хамгийн ойр, туслахад бэлэн байж чаддаг нэгэн эмнэлгийг танилцуулахаар шийдсэн юм. Энэ бол "Медика Монголиа” ХХК-ийн "СОС Медика Монголиа” олон улсын эмнэлэг.

 

Олон улсын сүлжээ яаралтай тусламжийн байгууллагын гишүүн энэ эмнэлэг одоогоос арван жилийн өмнө 2004 онд Монгол улсад байгуулагджээ. Олон улсын сүлжээ байгууллагын гишүүн гэхээр Монголын уул уурхайн салбарын өсөлтийг дагаад гадаадын эмнэлэг салбараа нээжээ гэж бодож магадгүй. Гэвч хараахан тийм биш. Монголчууд маань өөрсдөө эрэл хайгуул хийж, олон улсын стандартад нийцүүлэн 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай эмнэлгийг үүсгэн байгуулжээ. Гагцхүү бүх л менежмент нь гадных гэж хэлж болох бөгөөд нэг ёсондоо "Интернэшнл СОС” олон улсын байгууллагын менежментийг худалдан авч байгаа хэрэг аж.

 

Биднийг эмнэлгийн захирал, хатагтай Л.Сарангэрэлтэй уулзахад эмнэлгээ анх ямар сэдлээр байгуулснаа хуучилсан юм. Түүний ээж яаралтай түргэн тусламжийн эмч хүн байж. Тиймдээ ч зургаан хүүхдээ өвдсөн үед нь эмчилж, эмнэлгийн бараа харуулалгүй өсгөжээ. Гэтэл нэг л өдөр гайт өвчин өөрийг нь дайрч, Бээжинд явж байх үедээ зүрхний шигдээс болжээ. Уг нь яаралтай тусламж авсан бол аврагдах байсан ч түргэний машин замын түгжрэлээс болж хэтэрхий оройтож ирсэн гэдэг. Ингэж хайрт ээжийгээ алдсан үр хүүхдүүд нь ихэд цочирдоцгоож, яаралтай түргэн тусламж гэдэг хамгийн чухал болохыг яс махандаа тултал ойлгожээ. Улмаар тэд ээжийнхээ дурсгалд яаралтай тусламжийн эмнэлэг байгуулахаар шийдэж, гадаадын туршлагыг судалж явахдаа "Интернэшнл СОС” олон улсын байгууллагын талаар олж мэдэн, хамтран ажиллахаар холбогджээ. Тус байгууллагын тавьсан шаардлагуудыг ханган эмнэлэг байгуулахын тулд маш их ажиллагаа орсон гэдгийг хатагтай Л.Сарангэрэл онцолж байлаа.

 


“ИНТЕРНЭШНЛ СОС” ӨДГӨӨ 89 ОРОНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БӨГӨӨД ДЭЛХИЙ ДАЯАР 27 ТУСЛАМЖИЙН ТӨВ, 46 ЭМНЭЛЭГ, 1200 ГАРУЙ ЭМЧ, 200 АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН, 11 ГАРУЙ МЯНГАН АЖИЛТАНТАЙ.


 

"Интернэшнл СОС” олон улсын байгууллагын талаар өгүүлэхэд, Францын эмч Паскал Рэйхермэ 1985 онд эрүүл мэнд, яаралтай тусламжийн үйлчилгээний компанийг Зүүн Өмнөд Азид байгуулснаар энэ эмнэлгийн түүх эхэлжээ. Тэрээр 1980-аад оны эхээр Жакарта дахь Францын элчин сайдын яаманд ажиллаж байхдаа тус бүс нутагт гадаадын иргэд, олон улсын байгууллагуудын шаардлагыг хангах, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ байхгүй байгааг анзаараад тийнхүү тэр орон зайг нөхөхөөр шийдсэн хэрэг. Сингапур, Индонезид эхэлсэн үйл ажиллагаа нь хурдтай өргөжин, удалгүй Хонг Конг, Австрали, Япон, Хятад зэрэг оронд салбартай болж, цар хүрээ нь улам тэлэх болжээ.

 

Тус байгууллагын үндсэн зорилго бол жуулчид, гадаадад ажиллахаар явж буй мэргэжилтнүүд, олон улсын байгууллага, компаниудад тухайн газар орны талаарх мэдлэгийг олгохын сацуу эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хариуцан ажиллах явдал юм. "Интернэшнл СОС” өдгөө 89 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхий даяар 27 тусламжийн төв, 46 эмнэлэг, 1200 гаруй эмч, 200 аюулгүй байдлын мэргэжилтэн, 11 гаруй мянган ажилтантай. Энэ хүчирхэг дэд бүтцээ ашиглан үйлчлүүлэгчдэдээ дэлхийн хаана ч байсан хүрч үйлчилж чаддаг тул үйлчлүүлэгчдийнх нь 81 хувь нь дэлхийн шилдэг 100-д багтдаг компаниуд байдаг аж.

 

Олон улсын энэ том байгууллагын гишүүн "СОС Медика Монголиа” эмнэлгийн байгуулагдсан цаг үеийг эргэн санахад, 2004 онд Монгол улс шилжилтийн үеэ даван туулж, хурдтай хөгжлийнхөө гараан дээр ирээд байв. Эрүүл мэндийн салбарын хөгжил тааруу байсан тэр үед олон улсын стандартын эмнэлгийг цагаа олж байгуулсан нь гадаадын жуулчид, олон улсын байгууллага, компаниуд, элчин сайдын яамдын магнайг тэнийлгэсэн байна. Маш цэмцгэр, англи хэл дээрх хаяг, тэмдэглэгээгээр дүүрэн, гадаадын эмнэлгүүд л нэг иймэрхүү байдаг болов уу гэж бодогдмоор энэ эмнэлэгт монголчууд маань ч олноороо үйлчлүүлдэг юм билээ.

 

"СОС Медика Монголиа” нь гишүүнчлэлтэй эмнэлэг. Өөрөөр хэлбэл та энэ эмнэлгийн үйлчилгээг хүссэн үедээ авахын тулд гишүүнчлэлийн хөтөлбөрт хамрагдана. Гишүүнчлэл нь дотроо хувь хүний, гэр бүлийн, байгууллагын зэрэг төрлүүдтэй. Тус эмнэлгийн менежер Шэрли Палмерын хэлж байгаагаар, гишүүнчлэлтэй үйлчлүүлэгчид Монгол орны хаана ч байсан эмнэлгийн яаралтай тусламж авах боломжтой. Ерөөс "СОС Медика Монголиа” эмнэлгийн гол үйлчилгээ бол өвчтөнд яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй хүргэн эмчлэх, шаардлагатай бол дотоодын эмнэлгүүд юм уу гадаадын эмнэлгүүд рүү нүүлгэн шилжүүлэх явдал юм. Шэрли менежерийг даган эмнэлэгтэй нь танилцаж явахдаа бид эмчийн үүргэвч, хэрэглэлүүд бэлэн зэхээстэй яаралтай тусламжийн өрөө, гурван ортой сэхээн амьдруулах өрөөг хараад үнэхээр л энэ тал дээр мэргэшсэн газар болохыг нь түвэггүй ойлгосон. Эмнэлэг дээр 24 цагын турш дуудлагын эмч, сувилагчид бэлэн байдаг.

 

Ажилтнуудын хэлж байгаагаар, хөдөө орон нутгаас ирдэг дуудлагуудын нэлээд хувь нь мориноос унаж бэртэж гэмтсэн гадаадын жуулчдаас байдаг аж. Иймэрхүү тохиолдолд "СОС Медика Монголиа” эмнэлэг хамтран ажилладаг авиа компанийнхаа нисдэг тэргээр түргэн шуурхай очиж, нүүлгэн шилжүүлдэг.

 

Одоогоор дулааны улиралд  30-40, өвөл сардаа 10 орчим хүнийг нүүлгэн шилжүүлдэг байна. Бид интернэтээр судалгаа хийж яваад Теодора хэмээх Англи улсаас ирсэн жуулчин "СОС Медика Монголиа” эмнэлэг хүүд нь хэрхэн тусалсан тухай блогтоо бичсэнийг нь олж уншсан. Хөвсгөлд цаатнуудын нутгаар аялж яваад мориноос унаж гараа хугалсан түүний хүүг тус эмнэлэг нисдэг тэргээр шилжүүлсэн нь тиймэрхүү олон арван тохиолдлын нэг л жишээ юм.

 

Мөн "СОС Медика Монголиа”, "Интернэшнл СОС” олон улсын байгууллага хамтран компани байгуулсан бөгөөд тэр компанийн гишүүнчлэлтэй бол үйлчлүүлэгчид гадаадад байх үедээ ч "Интернэшнл СОС” сүлжээ эмнэлгүүдээр үйлчлүүлж болно. Европт явж байгаад бэртсэн монголын иргэн "Интернэшнл СОС”-ийн ойролцоох салбар эмнэлгийн тусламжийг авсан тохиолдол ч бас байдаг юм билээ.

 

Хатагтай Шэрлигийн хэлж байгаагаар, гишүүнчлэлийн өөр нэгэн давуу тал бол үйлчлүүлэгч хүссэн үедээ бүх төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, эмчийн хяналтад байх боломжтой. "Ийм ч учраас манай эмнэлэг тухайн хүнд шууд хүрч, зөвхөн өөрт нь тохирсон үйлчилгээ үзүүлж чаддаг” хэмээн тэрээр ярив.

Эмнэлэгийн менежер Шерли Палмер, яаралтай туслажийн баг, хамт олонтойгоо

 

"СОС Медика Монголиа” эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг сонирхож байгаа хүмүүст тус эмнэлэг Монголын эрүүл мэндийн байгууллагуудаас анх удаа олон улсын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлсэн гэдгийг дуулгахад л хангалттай болов уу. Түүнчлэн "Интернэшнл СОС” байгууллагын мэргэжилтнүүд "СОС Медика Монголиа” эмнэлгийн үйл ажиллагаанд жил бүр аудит хийдэг нь тэдний ямар өндөр стандарттай болохыг илтгэнэ. Тус эмнэлэг мөн ажилтнууддаа болоод үйлчлүүлэгч компани, байгууллагууддаасургалт хийхэд их анхаардаг бөгөөд эмч, сувилагчдын бүх бүрэлдэхүүнээ "Америкийн зүрхний нийгэмлэг”- ийн амилуулан лавшруулах тусламж (АСL5) болон хүүхдийн амилуулах тусламжийн (РАL5) сургалтад хамруулсан анхны эмнэлэг болжээ. Мөн "Интэрнэшнл СОС”-ийн ханган нийлүүлэгч байгууллагаар дамжуулан зах зээлд тэргүүлэгч компанийн олон улсын стандартад нийцсэн вакцин, эмийн бүтээгдэхүүнүүдийг Англиас импортолж гишүүддээ хүргэдгийг заавал онцлох учиртай.

 


МОНГОЛЧУУД ЖИЛД ХИЙЛГЭХ ЁСТОЙ НААД ЗАХЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНҮҮДЭЭ ХИЙЛГЭХГҮЙ МӨРТЛӨӨ УНАА, МАШИНАА САР БОЛГОН ТОРДДОГ.


 

Одоогоор "СОС Медика Монголиа” эмнэлгийн үйлчлүүлэгчдийн 70 хувь нь байгууллага, 30 хувь нь хувь хүмүүсээс бүрддэг. Улаанбаатарт үйлчлүүлэгчдээ илүү ойртох үүднээс тэд нэг салбараа  Зайсанд нээжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд суурин эмнэлгийнхээ үйлчилгээг өргөжүүлсэн тус эмнэлэг ирэх жилүүдэд хөдөө орон нутаг дахь үйлчилгээндээ анхаарч эхэлнэ гэж байв.

 

Биднийг хатагтай Л.Сарангэрэлээс эмнэлгийнх нь хэтийн зорилгыг асуухад "Бид яаралтай тусламжаар мэргэшсэн, түргэн шуурхай эмнэлэг хэвээрээ байх болно. Мөн яаралтай тусламжаасаа гадна шүдний болон уламжлалт эмчилгээндээ ихээхэн анхаарал хандуулна” гэсэн юм. Түүний өрөөнд хоёр европ эмч байсан нь Италийн "Сан Мартино” хэмээх нэр хүндтэй эмнэлгийн шүдний эмч нар аж. "СОС Медика Монголиа” эмнэлэг тус эмнэлэгтэй яг л "Интернэшнл СОС”-той ажилладаг зарчмаараа хамтарч, Европын технологийг оруулж ирнэ хэмээн тэрээр хэлэв. Ингэснээр "СОС Медика Монголиа”-ийн шүдний эмнэлэг бүрэн шүдгүйдэлтэй өвчтөнг 10 хоногт бүтэн шүдтэй болгож өгөх гэнэ.

 

Ярилцлагын төгсгөлд хатагтай Л.Сарангэрэл биднээр дамжуулан монголчууддаа нэг зүйлийг аминчлан захьсан юм. "Эрүүл мэнд хамгийн чухал болохыг манайхан ойлгомоор байна. Хүн эрүүл байж л амьдралаас таашаал авна. Монголчууд жилд хийлгэх ёстой наад захын эрүүл мэндийн шинжилгээнүүдээ хийлгэхгүй мөртлөө унаа, машинаа сар болгон тордож янзална. Тэгээд өвчин нь хүндэрсэн хойно эмнэлэгт ханддаг. Уг нь эрүүл мэндийн салбарын түвшин доогуур улсад урьдчилан сэргийлэх л хамгийн зөв зам. Тиймээс эрүүл байхын тулд, сайн үйлчилгээ авахын тулд өөрөөсөө мөнгө харамладаггүй байх хэрэгтэй” хэмээсэн нь юутай үнэн. Бид өөрсдийгөө хайрлах ийм л сэтгэлгээтэй байж хувийн амьдралдаа амжилт гарган, цаашлаад улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадна.

 

Эх Сурвалж: FORBES MONGOLIA СЭТГҮҮЛ

 

 

 

 

 

 

 

News

Announcement

  • Contact us

    • 4a Building. Big Ring Road 15th Micro District 7th Khoroo, Bayanzurkh District, Ulaanbaatar, Mongolia
      Tel: +976-11-464325/ 26/ 27 (English speaking) Emergency: +976-91913122
      Fax: +976-11-454537
      Email: admin@sosmedica.mn
    • Khan Uul District, 1 khoroo, Zaisan Center, Second Floor, Ulaanbaatar, Mongolia
      Tel: +976-77114325 +976-99571180 (English speaking) Emergency: +976-91913122
      Email: zaisan@sosmedica.mn