Медика Монголиа ХХК-ийн Уламжлалт анагаахын хүний Их эмч Уламбаярын Номин-Эрдэнэ нь 2013 оноос хойш "СОС Медика Монголиа Улаанбаатар Олон Улсын Эмнэлэг"-ийн Уламжлалт анагаах ухаан, Сэргээн засах тасгийг ахлан ажиллаж байна.
У. Номин-Эрдэнэ нь АШҮУИС-ийн МАУОУС-ийн Зүү төөнө заслын тэнхимд харьяалагдан АУ-ны докторын зэрэг горилж байгаа ба тэрээр БНХАУ-ын Гуанжоугийн Хятад Анагаах Ухааны Их Сургуульд АУ-ны магистрын зэрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Анагаах Ухааны Их Сургуульд Уламжлалт анагаахын Их эмч мэргэжлээр сурч төгссөн болно.
Их эмч У.Номин-Эрдэнэ нь Зүү эмчилгээ судлалаар мэргэшсэн, ахлах зэрэгтэй бөгөөд зүү эмчилгээгээр психосоматик, стрессийн шалтгаант өвчний үеийн бие махбодод илрэх шинж тэмдгүүдийг арилгах ба эмчлэх, Монголын уламжлалт анагаах ухаан болон Хятад анагаах ухааны онол, арга зүй дээр, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр аливаа өвчний шалтгааныг олж эмчлэхэд онцгой ач холбогдол өгч ажилладаг бөгөөд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ тасралтгүй хийн Монголын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэд хэдэн өгүүлэл бичиж хэвлүүлээд байна.
У.Номин-Эрдэний " Торгоны зам дагуух нүүдэлчин соёлтой улс орнуудын нийтлэг соёлын өв, цагаан идээний зүйл шар тосны хэрэглээ" сэдэвт судалгааны төсөл ЮНЕСКО-гийн "Торгоны Замын Залуучуудын Судалгааны Тэтгэлэг-2021"-д шалгарсан бөгөөд тэрээр саяхан Францын Парис хотноо байрлах ЮНЕСКО-гийн төв байранд очиж, судалгааны үр дүнгээ хэлэлцүүлсэн байна. Тус судалгаагаар Торгоны зам дагуух нүүдэлчин соёлтой улс орнуудын шар тос гаргаж авах технологи, түүний найрлага, уламжлалт анагаах ухаан дахь хэрэглээ болон тус орнуудын сэтгэцийн эрүүл мэндийн өвчний тархалттай уялдуулан холбож судалсан байна.